| |
| "Амжилтад хүрэх цорын ганц зам бол эхлээд
олон удаа бүтэлгүйтэх юм.” - Сергей Брин | |
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |  |
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 49554.98 нэгжид хүрч 0.82 хувийн уналттай хаагдлаа.
Монгол улсын Засгийн газрын гадаад зах зээл дээр арилжаалагдаж буй бондуудын ханш 7 хоногт уналттай байлаа. Том зургаараа Moody’s агентлаг 2025 оны 5-р сард АНУ-ын зээлжих зэрэглэлийг 1 түвшин бууруулсан нь тус улсын төсвийн өнөөгийн байдал урт хугацаандаа тогтвортой бус болохыг дахин сануулж, олон улсын бондын зах зээлд нийтэд нь өгөөж өсөх дарамт бий болгосонтой холбоотой байна. Үүнээс гадна 5-р сарын 22-ны өдөр гадаад зах зээл дээр онцлох мэдээ гараагүй байхад Засгийн газрын гадаад бондуудын ханш тус өдөр эрчимтэй унаж зарах захиалгууд ихээр орж ирсэн нь Ерөнхий сайдын огцрох мэдэгдэл гарсантай холбоотойгоор гаднын хөрөнгө оруулагчид улс төрийн эрсдэлийг харгалзан үзэж бондын эзэмшлээсээ зарж байна гэж үзэж болохоор байна.
Moody’s агентлаг Монгол улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг B2 түвшинд, тогтвортой төлөвтэй хэвээр баталгаажууллаа.
Moody’s онцолсон мэдээллүүд: - 2023 онд ДНБ-ний өсөлт 7.2% байсан бол 2024 онд 5.1% болж саарсан нь экспортын бууралт, хөдөө аж ахуйн бүтээмж муу байсантай холбоотой. 2025 оны хувьд өсөлт 5.5 хувь болж сэргэхээр байна.
-Засгийн газрын өр, ДНБ-ний харьцаа 45 хувиас доош тогтворжсон нь 2020 оны 73.6 хувьтай харьцуулахад ихээр буурсан үзүүлэлт болж байна.
- Монгол улсын эдийн засаг төрөлжөөгүй хэдий ч дунд хугацаандаа өндөр өсөлт үзүүлэх төлөвтэй байна. Энэ нь байгалийн баялаг ихтэй, ялангуяа Оюу Толгойн уурхайгаас гарах зэсийн үйлдвэрлэл нэмэгдэхтэй холбоотой байна.
- 2025 оны 2-р сард Засгийн газар 500 сая ам.долларын бонд гаргаж, зарим өрийн төлбөрийг сунган, 2026 онд төлөх өрийн дарамтыг бууруулсан.
- Гадаад өр өндөр хэвээр, БНХАУ-аас хэт хамааралтай, түүхий эдийн үнийн хэлбэлзэлд өртөмтгий зэрэг нь эрсдэл дагуулсаар байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Moody’s агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийг 1 түвшин бууруулсан нь тус улсын төсвийн өнөөгийн байдал урт хугацаандаа тогтвортой бус болохыг дахин санууллаа. Мөн Ерөнхийлөгч Дональд Трамп татварын шинэчилсэн хуулийг баталсан нь ирэх жилүүдэд АНУ-ын өрийг улам өсгөх төлөвтэй болгож улмаар зах зээлийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлснөөр хувьцаанууд уналттай байлаа. Тодруулбал, S&P 500 индекс 2.61 хувь, Nasdaq Composite индекс 2.47 хувь, DJIA индекс 2.47 хувийн тус тус хүчтэй уналттай байлаа.
- Баасан гарагт Ерөнхийлөгч Трамп Европын холбооны импортод 6-р сарын 1-ээс эхэлж 50 хувийн тариф ногдож эхлэх тухай мэдэгдсэн нь зах зээлд сөргөөр нөлөөллөө. Мөн тэрээр Apple компанийг iPhone гар утасны үйлдвэрлэлээ АНУ руу шилжүүлэхгүй бол 25 хувийн татвар онооно гэж анхааруулснаар Apple компанийн хувьцааны ханш өнгөрөгч 7 хоногт 7.57 хувь буурлаа.
- 2025 оны 5-р сард S&P Global үйлчилгээний салбарын PMI 50.8-аас 52.3 болж өслөө. Үйлдвэрлэлийн салбарын PMI мөн адил 50.2-оос 52.3 болж өслөө. Энэ нь сүүлийн 3 сарын хамгийн өндөр үзүүлэлт боллоо. (Жич: 50-иас дээш байх нь өсөлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.)
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбооноос импортлох бараанд 50 хувийн тариф ногдуулах тухай мэдэгдсэнээр Европын хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, STOXX 600 индекс 0.75 хувь, FTSE MIB индекс 2.90 хувийн тус тус уналттай хаагдлаа.
- Евро бүсийн бизнесийн идэвхжил 5-р сард гэнэтийн уналт үзүүлсэн бөгөөд ялангуяа үйлчилгээний салбарын идэвхжил эрс буурчээ. Үйлдвэрлэлийн салбарын PMI 5-р сард 49.0 - 48.4, үйлчилгээний салбарын PMI 50.1 - 48.9 болж тус тус буурсан үзүүлэлттэй гарлаа.
- Европын Комисс 2025 оны эдийн засгийн өсөлтөө 2024 оны эцэст 1.3 хувь хэмээн таамаглаж байсан бол 0.9 хувь болгон буурууллаа. Эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулахад гаалийн тариф болон АНУ-ын худалдааны бодлогын тодорхойгүй байдлын эрсдэл гол нөлөөг үзүүлсэн болохыг онцолжээ. Европын Комисс 2025 оны дунд үе гэхэд инфляцын түвшин Европын төв банкны зорилтот 2 хувьд хүрнэ гэх төсөөлөлтэй байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 1.57 хувь, TOPIX индекс 0.18 хувийн тус тус уналттай хаагдлаа. Инфляцын түвшин өндөр гарсан мэдээний дараа Япон улсын төв банк бодлогын хүүгээ өсгөх магадлал нэмэгдсэнээр хувьцааны зах зээл уналт үзүүлсэн.
- 4-р сарын инфляцын түвшин 3.6 хувьд хэвээр хадгалагдсан боловч суурь инфляцын түвшин 3.2 хувиас 3.5 хувьд хүрч өсөлттэй гарлаа. Энэ нь сүүлийн 2 гаруй жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм.
- Японы улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж өмнөх 1.58 хувьд хүрсэн нь 2008 оноос хойших хамгийн өндөр түвшинд ойртсон үзүүлэлт боллоо. Энэ нь бодлогын хүү өсөх хүлээлттэй холбоотой байлаа. Инфляцийн өндөр үзүүлэлт нь иений ханшийг АНУ-ын долларын эсрэг 142.6 болгож ам.долларын эсрэг 1.9 хувь чангарууллаа.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.57 хувь, CSI 300 индекс 0.18 хувийн тус тус уналттай хаагдлаа.
- БНХАУ-ын 4-р сарын аж үйлдвэрийн үйлдвэрлэл 4-р сард жилийн өмнөхтэй харьцуулахад 6.1 хувиар өсч, дийлэнх шинжээчдийн таамгийг давлаа. Гэвч жижиглэн худалдааны өсөлт 4-р сард 5.9 хувиас 5.1 хувь болж саарсан нь эдийн засагчдын хүлээлтээс доогуур үзүүлэлт боллоо.
- Үл хөдлөх болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг багтаасан тогтмол хөрөнгийн хөрөнгө оруулалт 4-р сард жилийн өмнөх үеэс 4 хувиар өссөн нь шинжээчдийн таамагт хүрсэнгүй.
|
|
|
| БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
Харилцагч та дараах бондууд болон АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой. |
 |
Дэлгэрэнгүй |
|
Голомт Банк ХК-иас олон улсын зах зээлд арилжаалсан 2027 онд хугацаа нь дуусах "GLMTMO 11 05/20/27 USD" бондын купон төлөгдлөө.
Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч та биднээр дамжуулан тус бондод хөрөнгө оруулах боломжтой. Мөн та Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондууд, компанийн бондууд болон АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой. |
 | | МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |  |
ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДӨР ЯВАГДАНА 2025.05.22
"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын Засгийн газрын үнэт цаас бүртгэх тухай 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/211, А/212 дугаар тушаалаар нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 50,000 ширхэг Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасыг 1309, 1310 кодтойгоор Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.
Дэлгэрэнгүй | |
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН БОЛОН “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН УДИРДЛАГУУД УУБ-НИЙ ХУДАЛДАН АВАГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА 2025.05.20
/2025.05.20/ Сангийн сайд Б.Жавхлан болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирал С.Ариунсанаа нар биржийн байранд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны гол худалдан авагч төр, хувийн компанийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Дэлгэрэнгүй | |
|
|
|
Товхимлыг бэлтгэсэн: С. Зоригт /Дилер/
Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
| "Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19 +976 7010-0261 | |
|
|
|
|